“MCT EA Championship Tour” тэмцээний Grand Final-ийн өмнө Шанхай хотын аренад нэгэн онцлох мэдэгдэл хийгдсэн нь дараагийн M8 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх “Зүүн бүсийн” Qualifier тэмцээнийг Монгол Улсад “ESN eSports Network” зохион байгуулахаар болсныг албан ёсоор зарласан явдал байлаа.

ESN eSports Network нь Mobile Legends: Bang Bang тоглоомыг хөгжүүлэгч Moonton Games компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлээд өдгөө гурав дахь жилдээ үргэлжлүүлж байна. Энэ хугацаанд ESN-ийн хамт олон 2022 оноос хойш MLBB-ийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулж, Монголын баг тамирчдыг олон улсын тавцанд гарахад чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.

Тэгвэл энэ жил анх удаа Moonton Games компанитай хамтран Монгол Улсад MLBB-ийн олон улсын хэмжээний тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тус тэмцээнд Хятад, Япон, БНСУ болон Монгол Улсын шилдэг багууд өрсөлдөх бөгөөд аварга болсон баг нь M8 Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний Main Stage шатад шалгарах эрхээ авах юм.

“Зүүн бүсийн” Qualifier буюу “MCT EA x ESN” тэмцээн нь 10-р сарын 31-ний өдөр M Bank Arena-д зохион байгуулагдах бөгөөд цаашлаад энэхүү тэмцээн нь ирээдүйд MLBB-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулах томоохон зорилгын эхлэл болж байж болох юм.
Видео холбоос: Энд дарна уу



