“MOONTON GAMES” компани “Mobile Legends: Bang Bang” (MLBB) тоглоомын 2026 оны “Дэлхийн Скин дизайны уралдаан”-ыг албан ёсоор зарлалаа. Тус уралдаан нь дэлхийн өнцөг булан бүрийн уран бүтээлчдэд зориулсан бөгөөд оролцогчид “Era of Awakening: The Clash of Two Destinies” сэдвийн хүрээнд баатрын скин бүтээн өрсөлдөх юм.
Уралдаанд нас, иргэншил, мэргэжлийн туршлагаас үл хамааран хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд бүтээл хүлээн авах хугацаа 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Тэмцээний нийт шагналын сан $49,000 ба шилдэг бүтээлийн эзэд “Moonton Games”-ийн бүтээлч багтай алсын зайнаас хамтран ажиллах боломж авах аж.
Энэхүү уралдаан нь тоглоомын ертөнцөд өөрийн бүтээлээ үлдээхийг хүсдэг уран бүтээлчдэд ур чадвараа олон улсын түвшинд сорих томоохон боломж болж байна.

Шүүгчдийн бүрэлдэхүүн
· Ma Hui- MLBB-ийн Ахлах концепт дизайнер.
· Wenjun Lin- MLBB-ийн Ерөнхий дизайнер, олон улсад танигдсан компьютер график артист.
· Adrian Smith- Концепт артист, “Warhammer 40,000”, “Magic:The Gathering” зэргээр алдаршсан.
· Ben Zhang- “Overwatch”-ийн ерөнхий концепц артист, “Heartstone”, “Diablo” тоглоомын дизайны багт ажилласан.

Энэ жилийн уралдааны сэдэв нь “Era of Awakening: The Clash of Two Destinies” бөгөөд оролцогчид агуу их тэсрэлтийн дараа хоёр өөр замаар хөгжсөн соёл иргэншлийн тухай өөрсдийн төсөөллийг скин дизайнаар илэрхийлэх юм.
Эхний сэдэв болох “The Awakened Civilization” нь технологи ноёрхсон ирээдүйн ертөнцийг дүрсэлнэ. Энд “Сэрсэн” хүмүүс бодит ертөнцийн хуулийг хүртэл дахин бичих чадвартай бөгөөд нийгмийн байр суурь нь хүч чадлын түвшнээр хэмжигддэг. Доод түвшний хүмүүс дээд түвшний сэрсэн хүмүүсийг бурхан мэт хүндэтгэн шүтдэг ажээ.
Харин “The Immortal Bloodline Civilization” нь үхэшгүй мөнх амьдрал ерөөл бус, харин хараал болсон ертөнцийн тухай өгүүлнэ. Илд ч, ид шид ч амийг тасалж үл чадах энэ ертөнцөд домогт өгүүлснээр эртний нэгэн цусан удмынхан л “жинхэнэ үхэл”-ийг бэлэглэх хүчийг эзэмшдэг. Тэдний эрэлхийлдэг зүйл нь мөнхийн амьдрал бус, харин түүнээс ангижрах аврал юм.
Оролцогчид дээрх хоёр сэдвийн аль нэгийг сонгон, таван өөр байрлал (lane)-ыг төлөөлөх таван баатрыг багтаасан нэгдмэл концепц бүхий бүрэн хэмжээний скин цуврал бүтээх шаардлагатай. Мөн өөрсдийн бүтээсэн ертөнц, түүхэн суурь болон дизайны санаагаа товч тайлбарлан танилцуулах юм.

Тэмцээнд зөвхөн ганцаарчилсан бүтээл хүлээн авах бөгөөд багаар оролцох боломжгүй. Мөн оролцогчдын илгээх бүтээл нь зөвхөн энэхүү уралдаанд зориулан шинээр бүтээгдсэн, өмнө нь олон нийтэд ямар нэгэн хэлбэрээр нийтлэгдээгүй байх шаардлагатай.
Түүнчлэн бүтээл нь бусад уран бүтээлчдийн ажил, кино, телевизийн контент, тоглоом болон бусад оюуны өмчөөс шууд болон дам байдлаар санаа авсан, хуулбарласан агуулгатай байж болохгүй. Илгээж буй бүх материал нь оролцогчийн өөрийн эх бүтээл байх ёстой.
Уралдааны журмын дагуу хиймэл оюун ухаан (AI)-ын тусламжтайгаар контент бүтээхийг бүхэлд нь болон хэсэгчлэн хориглосон байна.
Шалгаруулалт нийт дөрвөн үе шаттайгаар явагдах бөгөөд эцсийн ялагчид 2026 оны долоодугаар сард тодорно. Уралдааны журам болон дэлгэрэнгүй мэдээллийг MOONTON GAMES-ийн албан ёсны вэбсайтаас авах боломжтой.
Дүрэм болон дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцаарай.




